Охин үрээ хайрла
Омогдож загнахдаа ч хайрла
Охин үрээ ахйрла
Ойворгон зэмлэхдээ ч хайрла
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж, үдшиин хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт сахиж, морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын хурууг нь чилтэл гэр зуур зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц, эрийн гарт нухлагдана
Харийн газар одож, хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож, цөөн уйлуул
Охин үрээ
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүжүүлэн хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа хайрла
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай мядарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй мадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ухааруулж чадаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар хулжаана
Охин үрээ энхрийл
Орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огиун гашуун нулимсандаа живэхийн цагтаа, хожмоо дурсана
Аавын гэрт жаргасандаа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэндээ гэж эрхгүй нэг уужрана
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү
Хайрт охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг, намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг л хайрлах гэж төрсөн юм
Охин үрээ хайрла
Буцаж урсдаг ус байхгүй эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт, цэцэг нь тэнгэрт
Үүл лүгээ адил санаж, охин үрээ хайрла
Тэнгэрт нар ч бий, хур ч бий, аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн суугаад яахав дээ, орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
Охин үрээ хайрла
Далайн хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
|